Хүүхэд тань цэцэрлэгт явах дургүй байна уу?

Хүүхэд тань цэцэрлэгтээ явах дургүй үед хэрэглэж болох бяцхан аргуудаас та бүхэнд хүргэж байна.

Хүүхдийн хувьд цэцэрлэгт анх явсан өдөр нь аав ээжээсээ урт цагаар хол байх анхны өдөр ба үүнд зарим хүүхдүүд хэт мэдрэмтгий хандаж хямрах тохиолдол гардаг. Уйлах, гэдэс нь өвдөх, өмдөндөө шээх, хоолонд дургүй болох гэх мэт таагүй асуудлууд тулгарна. Хүүхэд бүрийн цэцэрлэгтээ дасан зохицох хугацаа харилцан адилгүй тул эцэг эхчүүд цэцэрлэгт явуулж буй учрыг сайтар тайлбарлаж хамгийн гол нь урьдчилж хүүхдийнхээ сэтгэл зүйг бэлдэх хэрэгтэй.

ХҮҮХДИЙН СЭТГЭЛ ЗҮЙГ БЭЛД
Цоо шинэ орчинд орохоороо хүүхэд байтугай том хүнд ч эвгүй мэдрэмж төрдөг. Тиймээс цэцэрлэг хэлэхээс өмнө хүүхдээ цэцэрлэгийн ойр орчмоор дагуулж яван танилцуул. Мөн өдөр бүр цэцэрлэгт явна гэдгийг нь урьдчилж хэл.

Цэцэрлэгт нь шаардлагатай зүйлсийг хамтдаа бэлтгэ

БУЦАЖ ИРЭЭД АВНА ГЭДГЭЭ ОЙЛГУУЛ
Ээж эсвэл аав маань буцаж ирээд намайг цэцэрлэгээс авна гэдгийг хүүхэд баттай ойлгосон байх шаардлагатай. Жишээлбэл, цагийн зүүнүүд хаана очиход буцаж ирж авахаа харуулж болох юм.

ХҮҮХДЭДЭЭ БЯЦХАН АЖИЛ ДААТГА
Ажил дээрээ олон зүйл амжуулан суухад нэг л мэдэхэд тарах цаг болдог шиг хүүхдээ ч мөн завгүй байлга. Цэцэрлэг дээрээ ямар нэг шинэ зүйл сурах, хүүхэд бүртэй найрсаг харилцах гэх мэт хөнгөхөн, хөгжилтэй даалгаврууд өгөөрэй.

УЙЛАХГҮЙ АНГИДАА ОРВОЛ ЧИХЭР ӨГНӨ ГЭЖ ХЭЗЭЭ Ч БҮҮ АМЛА
Хожмоо таны хүүхэд тэгвэл тэгнэ, ингэнэ гэсэн барьцаат хайранд сурахаас гадна чихэр идэх зуршилтай болно. Мөн уйлаад байвал багшид чинь хэлнэ шүү хэмээн сүрдүүлэх хэрэггүй ба ингэснээр хүүхэд багшаасаа айдаг болчихвол цэцэрлэгтээ хожим сургуульдаа ч дургүй болно.

Leave a Reply

Your email address will not be published.