Хүүхдийн EQ яагаад Оюуны чадамжаас илүү чухал вэ?

Боловсролын байгууллагууд болон эцэг эхчүүд хүүхдийн оюуны чадамж буюу IQ-г онцгойлон үзэж, юун түрүүнд хөгжүүлэхийг зорьдог байсан үе саяхан. Гэвч тухайн хүүхдийн амжилтад хүрэх чадварыг IQ бус EQ чадвар илүү тодорхойлдог болох нь нотлогдоод байгаа билээ. Тухайлбал Харвардын их сургуулийн эрдэмтдийн хийсэн нэгэн судалгаагаар хүний амжилтын ердөө 20-25 хувь нь IQ-аас, үлдсэн 75-80 хувь нь EQ (Emotional quotient) буюу сэтгэл хөдлөлөө удирдах чадамжаас шалтгаалдаг гэсэн судалгаа байдаг.
Нийгмийн хөгжлийг дагаад бидний хэрэглэж буй зүйлс, сурах арга барил, үзэх зүйлс, өмсөх хувцас хүртэл өөрчлөгсдөөр ирсэн. Нэгэнт EQ нь IQ-аас чухалд тооцогдоод байгаа тул эцэг эхчүүд хүүхдээ ах эгч, аав ээж чинь ингэж л өссөн, тооны хичээлдээ сайн байхад болно эсвэл заавал хуульч бол гэх мэтээр өөрийн үзэл бодлоо “тулгаж” хүмүүжүүлэх нь ард хоцрогдсон зүйл юм.

Тэгвэл EQ/Emotional Quotient/ буюу сэтгэл хөдлөлөө удирдах чадвар яагаад хамгийн чухал вэ?
Хамгийн энгийнээр бодоход өндөр мэдлэгтэй ч түүнийгээ ашиглах чадваргүй, бусадтай хамтран ажиллах, бусдыг ойлгох болон нийгмийн чадвар дутмаг бол орчин үеийн нийгэмд амжилттай явах боломжгүй билээ. Тиймээс та хүүхдээ нийгэмд амжилттай, өөртөө итгэлтэй бие хүн болгохыг хүсвэл багаас нь EQ чадварыг хөгжүүлэх хэрэгтэй.

EQ чадварууд:
1. Өөрийн бодол мэдрэмжийг таньж мэдэх – Энэ бол EQ чадваруудын суурь ба бидэнд зарим тохиолдолд шалтгаангүй гунигласан, аливааг хийх идэвхгүй, санаа зовнисон зэрэг мэдрэмжүүд төрдөг. Эдгээрийг зөв танин мэдэх, хариу үйлдлээр өөрчилж удирдахад суралцах чадвар юм.
2. Өөрийгөө удирдах чадвар – Өөрийн мэдрэмжээ танин мэдсэнээр тухайн нөхцөл байдалдаа тохируулан өөрийгөө удирдах.
3. Өөрийгөө урам зоригтой байлгах чадвар – Хүчтэй итгэл найдвартай байх. Энэ нь зорилгодоо хүрэх, өөрийгөө идэвхжүүлэхэд түлхэц болдог.
4. Бусдыг ойлгох чадвар – Хүүхдүүд бага байхаасаа аав, ээжийнхээ хөдөлгөөн, харц, биеийн хэлийг мэддэг болох бөгөөд цаашид энэ нь бусдыг ойлгох, мэдрэмжийг нь мэдрэх чадвар болон хөгждөг.
5. Бусадтай харилцах чадвар – Хүний мэдрэмжийг ойлгон мэдэрснээр түүнд нь тохируулж харилцах, ярилцах чадвар.
Хүүхдийн EQ хөгжин төлөвшихөд гэр бүлийн оролцоо хамгийн чухал. Хүүхдийн юу мэдэрч байгааг асуулгүй орхих, Асуудал тулгарахад нь өөрөө мэдэг гээд орхих, Хүүхдийг буруутгасан байдлаар хэрхэвч харьцаж болохгүй.
Хүүхдүүд багаасаа олон даваа, саадтай тулгардаг. Тэр бүхнийг гэр бүлийнхэн нь нээлттэй ярилцаж, сэтгэлийг нь чөлөөлөх нь зүйтэй. Ингээгүйн улмаас хүүхдүүд дараа нь өөрийгөө бусдад илэрхийлэх, бусдыг ойлгох чадамж султай, өөртөө итгэлгүй болдог. Тиймээс эцэг эхчүүд өөрсдийн өдөр тутмын харилцаагаараа дамжуулан хүүхдийн сэтгэл зүйн байдлыг ойлгож сонсож, мэдрэмжээ илэрхийлж ярилцах, өөрт тулгамдсан асуудлаа дэлгэж шийдлээ хамтдаа хайдаг байхад суралцуулах нь хамгийн чухал.

#boroldoi #kindergarten #kids #happy

Leave a Reply

Your email address will not be published.