0-5 настай хүүхдийг зөв хүмүүжүүлэх 5 арга

0-5 настай хүүхдийг зөв хүмүүжүүлэх 5 арга

 

0-5 насанд хүний тархины үйл ажиллагаа 80-90% хөгждөг. Түүнчлэн хүүхдийн хүмүүжил цаашлаад хувь хүний төлөвшлийн суурь тавигддаг учир хүүхдийн энэ насанд эцэг эхчүүд маш сайн анхаарч “амжиж хүмүүжүүлэх” хэрэгтэй учир бид доорх зөвлөгөөг бэлтгэлээ.

1. Хүүхдэдээ тусгайлан цаг гарга

Орчин үеийн завгүй амьдралын хэв маягт хүүхдэдээ тусгайлан цаг гаргах нь битгий хэл хоолоо хамт идэх цаг олдох нь бэрх болсон билээ. Гэхдээ хүүхдүүдэд эцэг эхтэйгээ цагийг хамт өнгөрүүлэхээс илүү сайхан зүйл үгүйг та мэдэх үү? Хүүхдээ зөв хүмүүжүүлэхийн тулд юун түрүүнд тэднийг ойлгож, хамт цагийг өнгөрөөдөг байх хэрэгтэй. Тиймээс хүүхэдтэйгээ хамт байх цагаа тусгайлан төлөвлөгөөндөө оруулах нь чухал. Өглөө босдог цагаасаа 10 минутаар түрүүлж босоод хүүхэдтэйгээ хамт суугаад тайван цайгаа уух, орой дуртай цувралаа үзэхийнхээ оронд хүүхэдтэйгээ хамт гарч салхилахаас таны хүүхдээ зөв хүн болгон хүмүүжүүлэх суурь тавигдана.

2. Хүүхдийнхээ “Өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүл”

Хүүхэд эцэг эхийнхээ дууны өнгө, биеийн хэл болон хэлж хийж байгаа бүгдийг өөртөө тусгаж авсаар байдаг. Товчхондоо эцэг эхийн хэлж буй үг, хийж буй үйлдэл хүүхдийн өөртөө итгэх итгэлийг бүрэлдүүлж байдаг. Амжилт нь бага байсан ч дэмжих нь хүүхдийг өөрөөрөө бахархахад нөлөөлж, тэднийг аливаа зүйлийг бие даан хийхэд түлхэц үзүүлдэг. Мөн хүүхдээ ямар ч алдаа хийсэн хүн бүр алдаа хийдгийг ойлгуулж харин алдаагаа засч сурах аргыг зааж, Хүүхдэд гэр бүл нь үргэлж хайртай байдгыг мэдрүүлж байх нь чухал юм.  

3. Та өөрөө “Mөрддөг журамтай, түүндээ үнэнч байдгаа харуул”

Дүрэм журамтай байхын гол зорилго нь хүүхдийг зөв үйлдэлд, өөрийгөө хянахад, сахилга баттай байхад суралцуулах юм. Хариуцлагатай хүн болж төлөвшихийн тулд тэдэнд юуг хийж болох, юуг хийж болохгүйг мэдэх хил хязгаар хэрэгтэй. Харин хүүхдэд тодорхой сахилга бат суулгахад эцэг эхийн үйлдэл, үлгэр дуурайлал хамгийн чухал. Та ямар дадал зуршилтай, мөрддөг журамтай байна таны хүүхэд мөн тийм болох магадлал хамгийн өндөр. Мөн гэртээ дүрэм тогтоох нь та хүүхдээс юу хүсч, хүлээж байгааг ойлгоход нь тусалж өөрийгөө хянах чадварыг хөгжүүүлдэг. Жишээ нь : Гэрийн даалгавраа дуусгахаас өмнө зурагт үзэхгүй, ухаалаг утас ашигладаг цагийг нь гаргаж өгөх гэх мэт. Хамгийн гол нь та өөрөө тууштай, зарчимч үйлдлээрээ үлгэрлэж чаддаг байх хэрэгтэй юм шүү. 

4. Хүүхдэдээ “Загас барих аргыг нь зааж өг”

Хүүхдэдээ бэлэн хоол өгч бэлэнчлэх сэтгэлгээг бий болгохоос илүүтэй тэдэнд юуг яаж хийх арга ухааныг зааж өгөх хэрэгтэй. Тиймээс хүүхдэдээ насанд нь таарсан зүйлийг хийлгэж бэрхшээлтэй тулгарвал давж гарах арга ухааныг зааж өгч, хүсч буй зүйлийнхээ араас тууштай тэмцэх хүчийг өг.

5. Хүүхдээ хэрхэн “Аз жаргалтай байхад сурга” 

Мэдээж та хүүхдийнхээ хажууд үргэлж хамт байж чадахгүй. Цаашлаад хэцүү үе бүрт нь тэднийг ойлгож, дэмжих хүмүүс хажууд нь байж чадахгүй тул хүүхдээ ямар ч үед өөрөө өөрийнхөө учрыг олоод сурчихдаг хүчирхэг хувь хүн болоход нь эртнээс бэлдэх хэрэгтэй. Хүүхдийг багаас нь бусдыг болон өөрийгөө хүндэтгэхэд, эелдэг, бусдад туслах сэтгэлтэй болгон өсгөснөөр хүүхэд илүү аз жаргалыг мэдэрдэг болдог.Мөн хүүхэд насандаа аз жаргалтай байсан хүмүүсийн аз жаргалын түвшин өндөр байдаг ажээ.