Бага насны хүүхдийн хооллолт

Бага насны хүүхдийн хооллолт

Бага насны хүүхэд хоолны өнгө, амт, бүтэц, халуун хүйтэн, аягалсан хэмжээ хэлбэр дүрс зэрэгт маш мэдрэмтгий ханддаг. Хүн хүүхэд байх үедээ насан туршийн хооллох зуршлаа олж авдаг учир эцэг эхчүүд хүүхдийн хоолны орцоос авхуулаад орчин, хооллох зуршил, өнгө үзэмж, үнэр гээд бүхий л зүйлд нь анхаарал хандуулах шаардлагатай.

Хоолны орц, шим тэжээл

Хүүхдийн насны онцлогт тохирсон шим тэжээлийг өгч байх нь хүүхдийн бие мах бодь болон оюуны хөгжлийг дэмждэг. Тиймээс хүүхдийн биед нэн хэрэгцээтэй, амин дэм эрдэс бодисуудыг хоолоор нь дамжуулан өгч байх хэрэгтэй билээ.  

Хүүхдийн өсөлт хөгжилтөнд нэн шаардлагатай амин дэмүүдэд:

Д амин дэм – Кальци фосфорын шимэгдэлтийг нэмэгдүүлж яс, шүдийг бэхжүүлнэ.

Кальци – Яс, шүдний бүтцэд ордог тул хүүхдийн эрүүл, хэвийн өсөлтийг хангахад нэн шаардлагатай гол бүрэлдэхүүн элемент юм. Кальцийн агууламж өндөртэй хүнсний бүтээгдэхүүнд бяслаг, ээдэм, сүү, тараг, сардин загас, бууцай зэрэг орно.

Төмөр – Цус төлжилт, биеийг хүчилтөрөгчөөр хангах, мэдрэлийн системийн хөгжил зэрэгт чухал үүрэгтэй. Төмөр нь үхэр, хонины элэг, мах, наран цэцгийн үр, хар шоколад, ногоон навчит ургамал буюу бууцай зэрэгт агуулагддаг.

Ханаагүй тосны хүчил – Хүүхдийн мэдрэлийн системийн өсөлт хөгжил, дархлаа, бусад шимт бодисын шимэгдэлтийг нэмэгдүүлдэг. Омега-3 нь яргай, хар амар, туна загас болон хушга, маалинганы үрэнд агуулагддаг. Харин омега-6 нь наранцэцэг, буурцаг, далдуу модны самрын тос болон усан үзмийн үрийн тосонд агуулагддаг.

А аминдэм – Хараа болон ясны өсөлт, үс, хумс, арьсны эд эсийн нөхөн төлжилт, ургалтанд чухал үүрэгтэй. А аминдэмээр баялаг хүнсний бүтээгдэхүүнд лууван, хулуу, амтат төмс, бууцай, шанцай, үхэр хонины мах, элэг орно.

С аминдэм – Цус, яс, холбогч эдийн хэлбэржилт, нөхөн төлжилтөнд чухал нөлөөтэй. Энэ нь хүүхдийн буйл, судасны ханын уян хатан чанар, эрүүл байдлыг ханган, биеийн эсэргүүцэл, шарх, сорвины эдгэрэлтийг дэмждэг. 1 – 3 настай хүүхдэд өдөрт 15 мг, 4-8 насанд 25 мг С аминдэм шаардагдана. С аминдэмээр баялаг хүнсэнд жүржийн төрлийн жимс, жимсгэнэ, хад, аньс, улаалзгана, байцаа, брокколи, улаан лооль, бууцай зэрэг орно

Магни – биеийн дархлаа, мэдрэл, булчингийн үйл ажиллагаанд нэн чухал элемент юм. Хүнсний бүтээгдэхүүн дотроос бууцай, бор будаа, ногоон вандуй, хулууны үр, үзэм зэрэгт магнийн агууламж өндөр байдаг.

Е аминдэм – Антиоксидант чанартай, биеийн дархлаа, зүрх судасны системд эерэг нөлөө үзүүлдэг. Хэрэв дутагдвал хүүхдийн өсөлт хөгжилт удааширч булчингийн үйл ажиллагаа суларна.  Соёолуулсан улаан буудайны тос нь Е аминдэмийн агууламжаар эхний байранд ордог ба  наранцэцгийн үр, наранцэцгийн тос, бүйлсийн жимс, кунжут, газрын самар, эрдэншиш, оливын болон шар буурцгын тос зэрэг нь мөн Е амин дэмийн агууламж өндөрт тооцогддог.

Хооллох зуршил

Хүүхдийг багаас нь төрөл бүрийн жимс хүнсний ногоог идүүлж сургаснаар цаашид эдгээр хүнсийг хэрэглэх зуршилтай болно . Мөн эцэг эхчүүд өөрсдөө эрүүл хооллож, хүүхэдтэйгээ хамт ижил зүйл идэж хооллох зуршлыг суулгах нь хамгийн зөв арга юм. Амттаны хувьд хоолны дараа амттан өгөх нь зүгээр боловч шагнал маягаар хэрхэвч өгч болохгүй. Тэгвэл хүүхэд амттан идэх зуршилтай болж хоол идэх дуршил буурдаг байна. Мөн хүүхэд өнгөтэй, зөөлөн багаар аягалсан, бүлээн хурц биш амттай хоолонд дуртай.

Хооллох үеийн эерэг мэдрэмж

Хүүхэд гэдэг гоё чамин зүйлст татагддаг учир ширээ болон хоолныхоо тавгийг чимэглэж халуун дулаан уур амьсгал бүрдүүлж саад болох зурагт, тоглоом зэргийг хурааж хооллоход анхаарлыг нь төвлөрүүлж тав тухтай орчинг бий болгох хэрэгтэй.

Хоолны хэрэгсэл

Мэдээж юун түрүүнд зориулалтын хүүхдийн биед хоргүй хоолны хэрэгсэл ашиглах хэрэгтэй. Мөн таны хүүхэд хоолондоо дургүй байвал хоолны хэрэгслүүд болох халбага, сэрээ, аягануудыг сонирхолтой, өнгөлөг байдлаар сонгож ширээгээ зохиомжтой засаж хүүхдийг асгасан ч хамаагүй өөрөөр нь хоол идүүлж сургах хэрэгтэй. Мөн хоолны дуршил нэмэгдүүлэхийн тулд олон нэр төрлийн хоолны зураг, сэтгүүл хамтдаа үзэж болох юм.

Хооллох орчин

Хооллох орчин цэвэр цэмцгэр, хэт халуун эсвэл хэт хүйтэн биш байх, хүүхдийн өндөр намд тохирсон ширээ сандал бэлдэж хүүхдийн сонирхолыг татах өнгөлөг аяга таваг сонговол хүүхэд хооллохдоо дуртай байх болно.